Folk Tale

Галуу мэлхий хоёр

LanguageMongolian
OriginMongolia

Эрт урьд цагт нэгэн нууранд хэсэг галуу, мэлхийн хамт оршин амьдардаг байжээ. Намар цагийн тунгалаг цэлмэг хөх огторгуйд өмнө зүгийг чиглэн аялах гэж байсан хэсэг галуун сүргийн өмнөөс балчиг намагт үүрд оршин насыг барсан өчүүхэн муу мэлхий шүлэглэн ийнхүү өгүүлэх :

-Балчиг намгийн ёроолд нэг насыг барах гэгч юутай уйтгартай, юутай гаслантай вэ. Хязгааргүй огторгуйн уудамд цэнгэн зугаацах та нарын баяр баясгаланг бахдан бахархана. "Вааг-вааг-вааг" гэж вааглан дууджээ.

Гэтэл галуун сүргийн нэг хэлсэн нь:

-Араатан, жигүүртэн бид хэн маань ч амьтны аймгийнхан болохоор уйтгарт тэр мэлхийг урамшуулж, орчлон дэлхийн юмнаас үзүүлж, нүдий нь тайлъя. Гагцхүү авч явах аргыг бодоцгооё гэхэд нэгэн галуу даруй нэг бургасны мөчир авчирч:

-Энэ мөчрийн дундаас мэлхийг зуулгая. Тэгээд хоёр үзүүрээс нь бид хоёр дамнацгаая гэжээ.

Галуун сүрэг түүнийг зөвшөөрөн хүлээгээд бургасны мөчрийг аманд нь зуулгаж, хүчирхэг хоёр галуугаар дамнуулан нисэн оджээ.

Ийнхүү мэлхий аялж явахдаа “Би ч бас гайхамшигтай эр юм даа. Далавчгүй байтлаа зэллэн нисэж яваа жигүүртнүүдийн манлайд нь явж байх юм” гэж бодож явав.

Тэгтэл хот айлуудын дээгүүр галуун цуваа зэллэн өнгөртөл хүүхэд шуухад, амьтан хүн тэднийг үзэж:

-Харав уу, та минь

-Тэр тэр, хоёр галуу мэлхий авч явахыг нь хараач. Яасан уран аргатай ухаантай галуунууд вэ гэж шагшин магтаж, гайхалдан шуугилдахад мэлхий дотроо “Галуунуудыг гайхаж магтаад байхаар юу байгаа юм бэ” гэж бодож байв. Гэтэл намгийн мэлхийнүүд бас галуун цувааг харж шуугилдахад мэлхий тэвчиж ядан бусад нөхөддөө гайхуулан “Би энэ аргыг олсон юм. Миний эр чадлын хүч” гэж хэлэх гээд:

-Би...би...миний миний...гэж өгүүлэх гэж амаа ангайтал зууж явсан бургасныхаа мөчрөөс салж, газарт бяц унаж, олон нөхдийнхөө өмнө хөгөө дэлгэсэн юм гэнэлээ.


Text view